Алсын хараа
Үйлчлүүлэгч төвтэй тасралтгүй хөгжсөн тэргүүлэх эмнэлэг байна.
Монгол Хьюндай Эмнэлэг
Бидний тухай
Монгол Хьюндай Эмнэлэг
“Монгол Хьюндай эмнэлэг” БНСУ-ын Чун Анг их сургуулийн Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Ким Бү Соб эмчийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2024 оны 7 дугаар сард ашиглалтад орж, гадаадад эмчлэгдэх заалттай олон Монгол хүнийг эх орондоо эмчлэгдэх боломжийг олгон ажиллаж буй магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.
“Монгол Хьюндай нэгдсэн” эмнэлгийн үүсэн байгуулагдсан түүх бол Ким Бү Соб эмчийн маань түүх юм. Тэрбээр 2009 онд анх Монголд “Хайрыг түгээе уриатайгаар хүмүүнлэгийн ажлаа эхлүүлж байсан. Түүнээс хойш ГССҮТ – ийн эмч нартай жил бүр алслагдсан хөдөө орон нутагт, эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр бүр авч чадахгүй байгаа хүмүүст хүрч үйлчлэхийг хичээж ирсэн. Үүнээс улбаалаад монголчуудад элбэг тохиолдолд доод мөчдийн төрөлхийн согог, хугарал гэмтэл их байгааг анзаарч монголчуудад энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанартай сайн эмнэлэг байгуулахаар шийдсэн юм. Тиймээс Монгол Хьюндай эмнэлгийг 2014 онд байгуулж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас түр завсарлаад 2024 онд Монгол Хьюндай эмнэлгээ дахин нээж үйл ажиллагаагаа явуулж буй.
Манай эмнэлэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэмтэл согогийн үзлэг, мэс засал, ерөнхий мэс засал, чих хамар хоолой, мэдрэл, дотор, нүд, хүүхэд, сэргээн засах, ЭХО, рентген, гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий лабораторийн тоног төхөөрөмжүүд дээр сорьцыг богино хугацаанд шуурхай шинжилдэг юм.
Аливаа эмнэлгийн чанартай эмчилгээ үйлчилгээний эх үүсвэр нь туршлагатай сайн эмч, стандартад нийцсэн тоног төхөөрөмж, тав тухтай, чанартай эмчилгээ үйлчилгээ байдаг. Тэгвэл Монгол Хьюндай эмнэлгийн хувь БНСУ-ын болон Монгол Улсын олон жилийн дадлага туршлагатай нарийн мэргэжлийн доктор, профессор, эмч сувилагч нараар багаа бүрдүүлсэн. Солонгосын Хьюндай нэгдсэн эмнэлгээс гэмтэл согог, нуруу, нугасны, хүүхдийн гэмтэл согог, бүдүүн шулуун гэдэсний, бамбай булчирхайн болон хөхний, хоол боловсруулах эрхтэн, ходоодны хавдар, гэмтлийн гээд 7 доктор, профессор тогтмол ирж эмчилгээ үйлчилгээ, хагалгаануудыг хийдэг.
Эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа тоног төхөөрөмжүүд нь хамгийн сүүлийн үеийн Америк тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хэвтэн эмчлүүлэгчдэдээ зориулсан тохилог, тав тухтай орчин бүхий 45 ортойгоо үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид бүхэн Монгол улсад хийгдэх боломжгүй томоохон мэс заслууд, өвдөг, түнхний үе солих, спортын гэмтлүүд, нуруу, нугасны, остеомиелит буюу ясны идээт үрэвслийн, дурангийн гээд олон төрлийн мэс заслыг маш үр дүнтэйгээр , хамгийн сайн чанарын протезуудыг ашиглаж хийж гүйцэтгэхээс гадна Хьюндай нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтран Солонгосын нарийн мэргэжлийн эмч нартайгаа холбогдож алсын зайн онлайн үзлэг, зөвлөгөөг авах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн манай эмнэлэг БНСУ руу эмчилгээний виз мэдүүлэх эрх бүхий байгууллагаар сонгогдсон учир Солонгос Улсад зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай эмчлүүлэгчийг Хьюндай нэгдсэн эмнэлэг рүүгээ түргэн шуурхай илгээх боломжтой болсон.
Үйлчлүүлэгч төвтэй тасралтгүй хөгжсөн тэргүүлэх эмнэлэг байна.
Энэрэнгүй ёсыг эрхэмлэн нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрсдэлгүй, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлдэг, сургалт судалгааг тасралтгүй хөгжүүлсэн эмнэлэг байна.
Ёс зүй
Хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй, чин үнэнч, шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
Багаар ажиллах
Олон чиглэлийн мэргэжилтнүүд бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэн хамтран ажиллана.
Ур чадвар
Тасралтгүй суралцаж, мэргэжлийн арга барил, ур чадвар, технологийн хэрэглээг тогтмол дээшлүүлнэ.
Ээлтэй ажлын байр
Ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шударга үнэлгээтэй ээлтэй орчин бүрдүүлнэ.
Товч танилцуулга
БНСУ-ын Чүн-Анг их сургуультай боловсролын хамтын ажиллагаатай Хьюндай нэгдсэн эмнэлэг нь 1998 оны наймдугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Жилдээ давхацсан байдлаар 85 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг 408 ортой, 686 ажилтантай Кёнги-Ду аймаг, Намъяанжү-Хот, Жинжоб-Эп Бунхен-ру 21 гудамд байрладаг.
Хьюндай нэгдсэн эмнэлэг нь Олон улсын эмчилгээний төвтэй бөгөөд Монгол өвчтөнд зориулсан тасагтай. Солонгос Улсад албан ёсны эрхтэй оршин суугч эсэхээс үл хамааран яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй үед дуудлага хүлээн авах 24 цагийн утастай. Шаардлагатай тохиолдолд 24 цагийн яаралтай тусламжийн төвтэй хамтын ажиллагаатай эмнэлгүүд рүүгээ шилжүүлэх өгөх боломжтой. Холбогдох дугаар: 010-41899119
Хьюндай нэгдсэн эмнэлэг маань 2009 - 2016 он хүртэл жил бүрийн 50-60н хүний бүрэлдэхүүнтэй, Монголд эмнэлгийн үйлчилгээнээс алслагдсан хөдөө орон нутагт очиж, үнэ төлбөргүй эмчилгээ болон мэс засал, сайн үйлсийн аяныг нийт 39 удаа явуулж, 10 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Солонгос - Монгол эрүүл мэнд нийгмийн халамжийн хамтын ажиллагаа Сөүл хөтөлбөрийн дагуу Монголын эмнэлгийн мэргэжилтнүүдийг Солонгост сургах ажил өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв зэрэг олон эмнэлгийн 100 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдийг дадлагажих сургалтад хамруулаад байгаа юм.